Зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын анхны сургалтыг ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас энэ сарын 31-нд зохион байгуулахаар болжээ.
Нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс зайнаас удирддаг агаарын хөлөг эзэмшигч хувь хүн, байгууллагыг бүртгэх ажлыг өнгөрсөн оны сүүлчээс эхлүүлжээ. Энэ хүрээнд бүртгүүлсэн 22 иргэнийг дээрх сургалтад хамруулах юм байна. Дэлхий дахинаа зайнаас удирддаг агаарын хөлгийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, экологи, хэвлэл мэдээллийн салбарт өргөн ашигладаг. Энэ хэрээрээ зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, аюулгүй ажиллагааны сургалт явуулах шаардлагатай болжээ. Сургалтаар агаарын онол, Монгол орны цаг уурын онцлог, нислэгийн аюулгүй байдал, хүний хүчин зүйл, хүнгүй нисдэг төхөөрөмж, тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зэрэг сэдвээр мэргэжилтнүүд хичээл орох юм байна.
Онцгой тохиолдолд нислэгийг зогсоох горим, цаг уурын онцлог, аюулгүй байдал, хүний хүчин зүйлийн талаар тусгай сургалтад хамрагдаагүй оператор төхөөрөмжөөр барилга байгууламж эвдэх, хүн, амьтан гэмтээх, нисэхийн хууль дүрэм болон иргэний хариуцлагын хууль зөрчих асуудалтай тулгардаг байна. Тиймээс зайнаас удирддаг агаарын хөлөг эзэмшигчдийг дээрх сургалтад хамруулснаар онолын болон хууль, эрх зүйн мэдлэгтэй болж, нисэх төхөөрөмжийг холбогдох дүрмийн дагуу аюулгүй удирдан жолоодож сурах чадвартай болно хэмээн албаныхан онцлов.
Дашрамд дурдахад цаашид ИНЕГ-аас зайнаас удирддаг агаарын хөлгийг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлагдмал орон зайд нисгэсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.