Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп хатагтай, дуучин Б.Сарантуяагийн 47 насны төрсөн өдөр тун удахгүй болох гэж байна. Тэрбээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн тоглолт хийж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо хийхгүй гэж шийджээ. Харин төрсөн өдрийнхөө дараагаар АНУ-д амьдарч буй монголчууддаа очиж, уран бүтээлийнхээ дээжийг өргөх гэнэ.
Тэрбээр “Энэ жил 47 насныхаа төрсөн өдөр маань ажлын өдөр болно. Тийм учраас нэг хоногийн өмнө тэмдэглэх бодолтой байгаа. Календарьт жил бүр төрсөн өдөр урагшаа хойшоо нүүдэг. Тэр утгаараа миний төрсөн өдөр 19-нд тохиож байгаа юм байна лээ. Би энэ жилийн төрсөн өдрийн тоглолт хийхгүй учраас энэ сарын 19-нд нууцлаг, даруухан тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа” тухайгаа дуулгасан юм.
Поп хатагтай маань өнгөрсөн сарын 30-нд Баянхонгор, Өвөрхангай аймгуудаар “Аргагүй амраг” тоглолтоо хийгээд иржээ. Мөн шинэхэн уран бүтээлийн ажилдаа орсон гэнэ.