Өнөөдөр “Ээжүүдийн оролцоо Монголын ирээдүй”, “Халамж ба хүүхдийн мөнгө” фэйсбүүк группээр нэгдсэн ээж аавууд хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардан мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Баян ядууг нь тогтоохын тулд хий дэмий зүйлд зарцуулж буй 4.5 тэрбум төгрөгийг Монголд байгаа 1.3 сая хүүхэддээ зарцуулсан бол тэдний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт болох байлаа. Өнөөдөр бид “Ээж аавууд бидэнд ийм байна шүү, нийгмийн байдал ийм байна шүү” гэдгийг хэлэх үүднээс энэхүү хурлыг зарлалаа” гэлээ.
Тэд өнөөдөр Засгийн газарт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардсан өргөх бичгийг, ээж аавуудын гарын үсгийн хамт өргөн барих бөгөөд шийдвэртай хариу өгөх хүртэл 14 хоног хүлээх юм байна. Хэрэв энэ хугацаанд хариу ирэхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгох тул ээж аавуудыг ийм цөхөрсөн алхам хийхэд битгий түлхээсэй хэмээн УИХ, Засгийн газрын гишүүдээс хүсч байна гэв.
Иргэн А.Гарамханд “Би 0-6 насны гурван хүүхэдтэй ээж. Бид ажлын байртай бол ингээд сууж байхгүй шүү гэж төрдөө хандаж хэлмээр байна. “Цалинтай ээж” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Энд тусгаж өгсөн зүйлийг би уншиж өгье. “Ээжүүд цалин авдаг болсноор манай өрхийн орлого нэмэгдсэн. Нөхөр маань ганцаараа хүчирдэггүй байсан амьдрал дуусгавар болсон. Тийм болохоор би азжаргалтай ээж” гэнэ. Тийм болохоор бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээч ээ л гэж байгаа юм. Түүнээс биш нам яриад улстөржих гэсэнгүй. Азжаргалтай гэр бүл болж нөхөрийнхөө ажилд бага ч гэсэн тус нэмэр болмоор байна. Хүүхдийн мөнгө хүүхдийн ирээдүйд өгч байгаа мөнгө шүү. Халамжийн хавтгайрсан бодлого биш шүү. Өрхийн амжиргааг тодорхойлох нэрээр 4.5 тэрбум төгрөгийг үр дүнгүй судалгаанд зориулж байхаар 1.3 сая хүүхдэдээ тараагаад өгчихгүй яасан юм бэ. Энэ бол ирээдүйд нь зарцуулж байгаа мөнгө шүү гэдгийг дахин хэлмээр байна. Бид дараа дараагийн алхмыг хийх болно. Мөн энд гарын үсэг зуруулж байгаа" гэв.