Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо. НИТХ-ын дарга, бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах нь бидний эрхэм зорилго. Зорилтынхоо хүрээнд ирэх 4 жилийг “Аз жаргалтай хот” цогцлоохын төлөө эдийн засгийн хямралын сөрөг нөлөөг зөөлрүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх, орон сууцны бодлогоо шинэчлэх, хотын байгууллага, иргэдийн байршил, суурьшлыг зохицуулах, хотын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг замаар бодит ажлыг өрнүүлэн ажиллаж байна. Эдгээр эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлсийн үндэс нь нийгэмд хууль, эрх зүйн засаглалыг тогтвортой төлөвшүүлэх, хуулийн хүрээнд дэг журмыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. 2017 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд “Аюулгүй хот” төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Хотын хөгжил, бие даасан байдал, хөрөнгө санхүүгийн чадамж зэрэг амин чухал асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд хотын эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг иш үндэс болгон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эдгээрийг дагалдах хуулийн төслийг бий болгож бэлтгээд байна” хэмээн онцлов.
Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа. Түүнчлэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил, шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл, 2015, 2016 оны гэмт хэргийн харьцуулалт, 2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.