Опек: өдөрт олборлох нефтийн хэмжээг 1.2 сая торхоор багасгана



Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнууд өдөрт олборлож буй нефтийнхээ хэмжээг 1.2 сая торхоор бууруулан 35.2 сая торх болгохоор тохиролцжээ.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс уг тохиролцоо хэрэгжиж эхэлнэ. Тус байгууллага 2008 оноос хойш анх удаагаа нефть олборлох хэмжээг багасгасан нь энэ юм.

ОПЕК-т гишүүнээр элсээгүй байгаа ОХУ олборлолтоо өдөрт 300 мянган торхоор бууруулахаар болсон байна.

Катарын Эрчим хүчний сайд бөгөөд ОПЕК-ийн ерөнхийлөгч Мохаммед Аль-Сада хэлэхдээ “ОПЕК-ийн гишүүнчлэлээс түр түдгэлзээд байгаа Индонез улсаас бусад орнууд нефть олборлолтын хэмжээг багасгахыг санал нэгтэйгээр дэмжсэн” гэв.

Нефть олборлолтоор тэргүүлдэг Саудын Арави хамгийн их хэмжээгээр буюу өдөрт 486 мянган торхоор олборлолтоо бууруулах үүрэг авсан байна.

Харин нефть олборлолтыг багасгах арга хэмжээнээс чөлөөлөгдөхийг хүсч байсан Иран улс өдөрт 3.79 сая торх нефть олборлохыг зөвшөөрсөн байна. Барууны улсууд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалсны дараа Тегеран нефть олборлолтоо сэргээх зорилготой байгаа юм.

ОПЕК-ийн орнуудын олборлож буй нефтийн хэмжээ өнгөрсөн 10 дугаар сард нэмэгдэн өдөрт  33.83 сая баррель болсон нь түүхэн дээд хэмжээ юм гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдсэн байна.

ОХУ-аас бусад ОПЕК-ийн гишүүн бус улсууд нефть олборлолтыг багасгах арга хэмжээнд нэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ