ЗАЙСАН ДАХЬ БАЯЧУУДЫН ХОДООД БОХИРЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БОЛЖЭЭ



Манай баячууд тансаг хороололд амьдарч байвал хүний өтгөн шингэнээр бохирдсон ундны ус хэрэглэх нь хамаагүй байдаг бололтой. Уг нь тэдний гэдэс дотор хогийн тантан, бохирын сав биш байлтай. Тэгвэл “Эм Си Эс”-ийн захирлууд болон баячууд амьдардаг “Белла Виста”, Ерөнхий сайд асан С.Баяр нарын томчууд амьдардаг “Сөүл Роял Гарден”, Тагнуулын газрын дарга Б.Хурц нарын данстай “Сарнайх” зэрэг тансаг зэрэглэлийн орон сууцны ундны усыг хангадаг худаг, усан сантай бөөрөө нийлүүлсэн  бохирын худаг байх нь хачирхалтай.

Байршлыг тодруулбал, “Белла Виста” хотхоны чанх өмнө замын урьд талд, Бурхантай хөшөөний зүүн хойд талд жижигхэн Хүнсний дэлгүүр, Цайны газар байдаг бөгөөд тус Цайны газар бохирынхоо худгийг хаяандаа буюу дээрх тансаг хорооллын баячуудыг ундалдаг ундны усны сан, худагтай хаяа дэрлүүлэн ухсан нь даанч зүйд нийцэхгүй. Тус бүр 250 куб метрын багтаамжтай хоёр ч усан сангийн нэг нь эртнээсээ ХААИС-ийн данстай, тэдний сургууль, мянга мянган оюутнуудыг ундалдаг усан сан ийнхүү өтгөн шингэний савтай нэгэн хөрсөн дор нэвчиж уулзсаар. Харин нөгөө худаг нь хувийн компанийн эзэмшилд байдаг бөгөөд тансаг хорооллуудыг ундалдаг байна. Гэтэл энэ усан сангуудад 20 хүрэхгүй метрт н.Өлзий гэх эмэгтэйн Цайны газар, Хүнсний дэлгүүрийн бохирын нүх байх юм. Энэхүү Хүнсний дэлгүүр, Цайны газрын зүүн бөөрөнд жижигхэн өргөтгөл маягийн улаан тоосгон оромж байгаа нь тэдний нууц Бие засах газар бололтой. Энэ бохирын нүхийг дэлгүүрийнхээ ард таглаад нууцхан байрлуулсан нь хаа нэг газраас зөвшөөрөл аваагүйг илтгэнэ. Уг нь Улсын, Нийслэлийн гээд Мэргэжлийн хяналтын газар байх учиртай. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын нүд нь сохорч, чих нь дүлийрсэн мэт суугааг харахад эмэгнэлтэй.

Албан харъяаллаар нь байршил тогтоовол Зайсан толгой орчим буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хорооны нутаг дэвсгэр юм. “Эм Си Эс”-ийн бариулсан гэх “Белла Виста” гэхэд нэг метр квадрат нь 4500 орчим ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн харш. Нэгэнтээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэхүү хороололд орон сууц түрээслэн амьдардаг хэмээн хүн итгэмээргүй зүйл ярьж ам руугаа алгадуулж байсан гэхээр уншигч та санах байх. Нэг метр квадрат метр нь 4500 ам.долларын үнэтэй тансаг харшид хэн амьдрах нь ойлгомжтой. Ямартай ч эгэл борчууд биш. “Эм Си Эс”-ийн удирдлагууд, Оюутолгойн гадаад удирдах ажилтнуудаас эхлээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж маань хүртэл түрээслэн амьдардаг байх нь. Бүр тодотговол өдгөөгөөс хэдэн жилйин өмнө Оюутолгойн гэрээг үзэглэхэд харийнханд ашигтайгаар зөвшөөрч гар барьсны шанд С.Баярын танхимын сайдуудад энэ тансаг хорооллоос тус бүр нэг орон сууц өгсөн гэх мэдээлэл дэгдэж, мань Ц.Нямдорж баригдахдаа тулахаараа “түрээслэдэг юм би” гэж тулгамдаж байхав дээ. Ингэхээр уншигч та бүр ч тод санах байх.

  “Сөүл роял гарден”-д УИХ-ын гишүүн асан Д.Зоригт болон “АПУ”, “Шунхлай”-н гэх мэт мөнгөлөг компанийн боссууд амьдардаг. Энэ хорооллын нэг метр квадратын үнэ гэхэд л 3500 ам.доллар гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хэсэг хороололд Монгол Улсын толгой баячууд амьдардаг гэдэг нь тодорхой байна. Харамсалтай нь баячууд маань хэдийгээр тансаг харшид амьдарч байгаа ч хүмүүсийн өтгөн шингэнтэй холилдсон усаар зоог барьж байгаа нь жаахан тиймхэн. Ингэхээр монголын толгой баячууд, улстөрчдийн маань ходоод бохирын цэвэрлэх байгууламж шиг л болжээ. Тэдний хувьд тансаг харшид амьдарч Өлзий гэх эмэгтэйн ажилтнууд, тэнд хооллогсодын өтгөн шингэн ууссан усаар ундалж байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ.

Уг нь Богд хан уулын олон амны нэг нь Зайсан толгой драхна цаазтай газрын дансанд байдаг ч жилээс жилд нэмэгдэх хотын утаанаас зугтсан хөрөнгөтэй, бас ч үгүй нэлээд бийлэгжүү амьдралтай хүмүүс бүгд энд ирэх хэрээр төвийн цэвэр усны шугамын багтаамжгүй болж, тэд ийнхүү тусдаа усан сангаас ундалдаг ч хаяа дэрлэсэн өтгөн шингэний сан байгааг мэддэггүй бололтой.

Олон жилийн өмнө төр засгаас Зайсанг аялал зугаалгын бүс болгох ерөнхий төлөвлөгөө баталж, түүнийхээ дагуу жуулчны бааз, амралтын газрын зориулалттай газар олгох заалттай байсан юм. Харамсалтай нь нэртэй баячууд, төр засгийн түшээд тэс өөр зориулалтаар эзэмшиж, өдгөө энд орон сууцны олон хороолол сүндэрлэжээ. Хамгийн гол нь ундны усыг нь бохирдуулж эхлээд байгаа нь аймшигтай.

Эх сурвалж: shuurhai.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ