ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХҮСЧ БАЙНА



Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийв. Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого болон Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн уналтыг зогсоох чиглэлээр авч буй арга хэмжээ, ОУВС зэрэг түнш байгууллага, орнуудтай үр дүнтэй хамтран ажиллаж буйгийн дүнд манай улсын эдийн засагт нааштай төлөв ажиглагдаж, энэ оны хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлттэй гарсан, мөн хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага ажиглагдаж буйг Ж.Мөнхбат сайд онцлов. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс цаашид ч арга хэмжээ авах, тухайлбал “хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулж батлуулахаар ажиллаж буйг тэмдэглэв. Тэрээр мөн Засгийн газрын зүгээс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-тай бүхий л салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах, “Хөгжлийн зам” болон ”Бүс ба Зам” стратегийг уялдуулах, “Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд олон төсөл, арга хэмжээг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг илэрхийлэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсож буй нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч буйгийн тодорхой жишээ гэж үзэж буйгаа тэмдэглэв.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид манай улсын хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаа, зарим хуулийн заалт хоорондоо зөрчилддөг, төрийн байгууллагад гаргасан хүсэлт шийдвэрлэлт удаан, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, квот авахад хүндрэлтэй байдаг талаар хөндөн ярив.

Хөрөнгө оруулалагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг сонсох, тэдэнтэй нягт хамтран ажиллахын тулд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарч тухайн улсын хөрөнгө оруулагчидтай цуврал уулзалт хийхээр төлөвлөж буйгийн эхнийх нь энэ удаагийн уулзалт боллоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцож хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Зөвлөлийн үйл ажиллагааны талаар илтгэл тавина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ