Манай гарагийн 77 орны нийт мянган шилдэг их сургуулиудыг багтаасан энэ оны “THE World University Ranking 2018” дэлхийн чансаанд орсон Оросын их дээд сургуулиудын тоо ноднингийнхоосоо зургаагаар хорогджээ.
Москвагийн их сургууль уг жагсаалтын 194-т бичигдсэн ба тус их сургууль хоёр жил дараалан дэлхийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орж байгаа нь энэ юм.
Москвагийн физик техникийн дээд сургууль 251-300-ийн групп рүү амжилтаа ахиулсан бол Томскийн политехникийн их сургууль 501-600 –ийн группээс 301-350-ийн групп рүү шилжсэн байна.
Москвагийн эдийн засгийн дээд сургууль 351-400-ийн групп орж амжилтта ахиулсан бол жагсаалтын эхний хагаст жагсч буй Оросын их дээд сургуулиуд тухайлбал Казанийн холбооны их сургууль, “МИФИ” Үндэсний цөмийн шинжилгээ судалгааны их сургууль, Новосибирскийн улсын их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургуулийн байр өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм.
Мөн ИТМО их сургууль, Томскийн улсын их сургууль /501-600/, Үндэсний шинжилгээ судалгааны технологийн их сургууль /МИСиС/, Санкт-Петербургийн технологийн улсын их сургууль, Самарын агаарын орон зай, сансрын их сургууль /601-800/, Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургууль, Нижегородын улсын их сургууль, Саратовын үндэсний шинжилгээ судалгааны улсын их сургууль, Новосибирскийн техникийн улсын их сургууль, Өмнөдийн холбооны их сургууль 801-1000-ийн группт жагсчээ.
Таван бүлэгт 13 шалгуураар явагддаг уг чансаа 14 дэх удаагаа нийтлэгдэж байгаа юм. уг жагсаалтыг гаргахад эрдэм шинжилгээний өгүүллийн эш таталтын тоо, инновацид оруулсан хувь нэмэр, шинжилгээ судалгааны үйл ажиллагааны орлого, багшлалтын чанар, их сургуулийн глобалчлалын зэрэг гэх мэт үзүүлэлтүүдийг тооцдог, өөрөөр хэлбэл, тухайн их сургуулиудын хамгийн сайн ажилтнууд болон гадаадын оюутнуудыг татах боломжийг нь тооцдог байна.
Уг чансаанд багтсан 1000 их сургууль нь дэлхийн их сургуулиудын ердөө 5 хувийг төлөөлдөг ажээ.