"Жилд 4000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна "
Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр энэ асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
"15-24, 25-34 мөн 65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна"
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратеги, ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулахад манай улс ихээхэн амжилтанд хүрч тандалт, оношлогоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэвшилд хүрснийг энд хэлэх нь зүйтэй юм.
Манай улсад дэлхийн жишигт хүрсэн лабораторийн сүлжээ, үндэсний лавлах лаборатори, сорьц тээвэрлэх тогтолцоо бүрэн нэвтэрсэн, хурдавчилсан оношилгооны аргуудыг практикт хэрэглэж байгаа . Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн бүх шатанд баг, сум, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан нэвтрүүлсэн. Өнөөдөр эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчлэх чадавхитай болсон байна.
Мөн сүрьеэгийн эм, урвалж оношлуур, халдвар хяналтын хэрэгсэл зэргийг Глобаль сан, Засгийн газраас тасралтгүй ханган нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
Олон зууны туршид нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэгдэж ирсэн сүрьеэ өвчин нь бүх салбарт хамаатай бүх нийтийн асуудал учир нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэж байна." хэмээлээ.
"Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их"
ЭМЯ-ны НЭМГ-ны дарга Д.Ганцэцэг:
Дэлхий дахинд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх олон талт цогц арга хэмжээний үр дүнд халдварт өвчнүүд эрс буурч, халдварт бус өвчин тэргүүлэх чиглэл болж байгаа хэдий ч шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан өвчнүүд хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ юм .
Монгол улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна. Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна.
Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхэлж, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд хийгдсэн хоёр томоохон суурь судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүх шатанд ашиглаж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлийн чухал баримт бичиг болж байгааг цохон тэмдэглэж байна.
Сүрьеэгийн эмчилгээний явцад өвчтөн, тэдний гэр бүлд тулгардаг эдгээр бэрхшээлийг даван туулах бүрэн эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал юм.
Иймд салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулалтаар хангаж, хамтран ажиллаж, сүрьеэ өвчний асуудлыг амжилттай шийдвэрлэж, “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” хамтдаа ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
Энэ удаагийн үндэсний сургалт хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг25 байгууллагын 170 гаруй оролцогчийг хамруулж байгаараа ихээхэн онцологтой аж.
Үндэсний сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар үндэсний хэмжээнд хийгдсэн 2 томоохон судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар ЭМС-ын А/306 тоот тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйгээр хангах юм байна.
"Орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулах шаардлагатай "
Сүрьеэгийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногоос 3 сарын дотор халдвар дамжуулах нь эрс буурдаг байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.
Глобаль сангийн дэмжлэг дуусах хугацаа дөхөж байгаа бөгөөд одоо энэ үүргийг төр бүрэн хариуцах цаг үетэй нүүр тулаад байна. Иймд шийдвэр гаргагчдын оролцоо чухлаар тавигдаж буй бөгөөд орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд хөрөнгө гаргах нь чухал байгаа юм.
Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.