“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээ эхэллээ



“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залав. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр мандсаар байгаа билээ.
Соёмбот тугийг залсны дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай ижил түвшинд өргөжин хөгжсөөр байгаа билээ. 100 гаруй жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээг сэргээгээд гурван жил болж байна. Энэхүү наадам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Тухайлбал, өнөөдөр 3000 гаруй жуулчин Даншиг наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ. Ийнхүү сүсэгтэн олон, жуулчин та бүхэнд зориулан зохион байгуулж буй энэхүү наадам эхэлж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, "Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж буй. Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ” хэмээв.

Нээлтийн дараа Гандагтэгчэнлин хийдийн лам нар Мандал өргөлөө. Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд ‘’Шимийг авах’’ гэсэн утгатай аж. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад, баруун гарын алгаар гадагш арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгадаг байна. Мандал өргөх нь хүмүүн төрөлхтөн сэтгэлийн хилэнцийг арилган буяныг хотол төгс болгох чухал зан үйлийн нэг юм.
Мандал өргөсний дараа лам хуврагууд болон сүсэгтэн олон Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр уншиж, Очирваани шүтээнийг тахилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ