НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ



Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаахан нийтийн тээврээр үйлчлэх ёстой. Өнөөдрийн шалгалтын явцад олон дутагдал илэрч байна. Автобусны суудлын бүрээс маш их хиртэй, автобусны заал тоос шороо хог ихтэй байгаа нь харагдаж байна. Жолооч нарыг автобусанд тамхи татдаг гэсэн гомдол иргэдээс ихээр ирдэг.  Энэ алдаа дутагдлыг цаашид засч долоо хоногт хоёр удаа суудлын бүрээс солих, эцсийн буудал болгон дээр цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай байна. Цаашид цэвэрлэгээ, үйлчилгээг хянах тал дээр анхааран, ажлын хэсэг гаргаж ажиллах болно” хэмээлээ.

Мөн энэ үеэр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаний холбогдох хүмүүст тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ