Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо. Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг тодотгон хэлж байв. Мөн иргэдийг удаан хүлээлгэдэг явдлыг таслан зогсоож, өглөө оройн оргил ачааллын үеэр иргэдийн зорчих эрэлтийг хангах ажиллахыг даалгаж, энэ чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн албатай хамтран санал боловсруулж яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.
“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчтэй 1, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн. Нийтийн тээврийн автобус авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр зорчихоор шийдвэрлэгдсэн замуудад нэгдүгээр эгнээнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн Д.Отгонбаатар дарга танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.