Эрдэмтэд Европын улс орнуудад эрчим хүчний салбар хөгжлийн тэргүүлэх түвшинд хүрээд байгаа талаар мэдэгдэж байна. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцаас илүү ашигтай, хүчин чадал өндөртэй төдийгүй хурдтай хөгжиж байгаа салбар болж байгаа хэмээн онцолжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр салхи, нар, усан цахилгаан станцын эх үүсвэр болох энэ салбар 679 тераватт хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон байна. Энэ бол эх дэлхийд ямар ч хор хөнөөл учруулахгүй, цахилгаан үйлдвэрлэгч эрчим хүчний салбар юм. Лондон хот дахь Эзэн хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд сэргээгдэх эрчим хүчний хөгжил ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь цаашид салбарын түвшинд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх гарц болох боломжтой гэж үзэж байгаа юм. Ингэснээр эдийн засагт ч маш том хэмнэлт авчирна хэмээн тодорхойлж байгаа.
Нарны эрчим хүч хуримтлуулагч томоохон байгууламж станцуудыг дэлхийн томоохон 10 улс өөрийн эдийн засгийн хөгжлийн салбарт аль хэдийнээ нэвтрүүлсэн. 2015 онд л гэхэд Герман улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал болон хөгжил нь цөмийн эрчим хүчний цахилгаан станцын түвшинтэй зүйрлэхүйц хэмжээнд хүрч очсон байна. Харин үүнээс 2 жилийн дараа Герман улсын нутаг дэвсгэрт нарны эрчим хүчнээс гаргасан цахилгаан нийт хэрэгцээний 12 гаруй хувийг дангаар бүрдүүлж чадсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолж байгаа юм.
Эх сурвалж: MNB.mn