Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан" эхэлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг тус тус сонсоно.
Төсвийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд эхэлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.