“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гаргацгаая” уриатай үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнд металлурги, металл боловсруулалт, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материалын үйлдвэр, хуванцар эдлэл, уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, резин, шил, төмөр замын бетон дэр, цахилгааны утас, кабел, ган бөмбөлөг, халаалтын зуух, нарны зай хураагуур, мэдээллийн болон нано технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн 30 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж байгууллага, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний үйлдвэрлэлээ бүх талаар дэмжих шийдвэр гаргаж, Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалсан. Энэ нь татварын бодлогоос илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэгчдэд сайн нөлөө үзүүлнэ. Бид эдийн засгийн хүндрэлээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж гарна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн төрийн бүх худалдан авалт үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн байх болно гэлээ.
“Экологибус” ХХК-ийн зохион байгуулж буй энэ үзэсгэлэнг зөв, сайн арга хэмжээ болж байна гэдгийг Ерөнхий сайд тодотгоод монголчууд хийж чадаж байна, одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэж сурталчлах ажил дутагдалтай байна. Энэ алдаагаа манай үйлдвэрлэгчид засах ёстой. Бүтээгдэхүүнээ сурталчилж иргэдэд хүргэх ажлыг хийх хэрэгтэй гэлээ.
Үндэсний үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зэрэг саналыг тавьж байгаа. Засгийн газар судалж байгаад хамгийн оновчтой дэмжлэгийг үзүүлнэ гэлээ.
“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндэрлээс гаргацгаая” сэдэвт энэ үзэсгэлэнг улс орондоо шинэ технологи, инновацийн үйлдвэрлэлийн хөгжлийг нэвтрүүлж, гадагш урсах валютын урсгалыг саармагжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн компани, аж ахуйн нэгжүүд зохион байгуулжээ. Импортыг орлосон, экспортод чиглэсэн металлурги, машин байгууламжийн цоо шинэ салбарыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн хөгжүүлэх боломж, бололцоог нээн илрүүлж, төр засгийн зүгээс гаргасан бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангахад энэ үзэсгэлэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.