Тавь, зуу, зарим нь түүнээс ч олон жилийн настай музейн барилга, байгууламжуудын ихэнх нь соёлын биет өвийг хадгалах стандарт, шаардлага хангадаггүй. Манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн 83 барилга, байгууламж ашиглагдаж буй. Гэвч эдгээрийн 78 орчим хувь нь зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй байна. Ялангуяа, буддын шашны сүм музейнүүдийг чулуугаар барьсан, эсвэл түүхий тоосгоор өрсөн нь өдгөө бараг нурахад бэлэн болчихжээ. Өмнөх жилүүдэд музейн барилгуудад их, бага хэмжээний засвар ээлжилж хийдэг байсан. Цаг уур, орчны бохирдол, барилгын материалын шинж чанараас хамаарч нэг жил засвар хийсэн ч таван жилийн дараа дахин засах шаардлагатай болдог. Тиймээс БСШУСЯ эдгээр барилгыг жил бүр засах биш, шаардлага хангахгүй болсныг нь нурааж, шинэ барилга барих бодлого баримталж эхэлжээ. Ингэснээр жил бүр засварт их хэмжээний мөнгө урсгахгүй. Мөн соёлын үнэт өвүүдийн хадгалалт сайжрахаас гадна иргэд, жуулчдын тав тухыг хангана гэж үзэж байна. 2020 он гэхэд сүм музейгээс бусад бүх музейн байрыг шинэчилж эхлэхээр БСШУСЯ зорьж буй. Энэ онд гэхэд орон нутгийн гурван музейн барилгыг шинэчлэх ажил эхэлсэн. Баянхонгор, Орхон аймгийн музейн шинэ барилгыг барих сонгон шалгаруулалт зарлах бэлтгэл ажлаа хангаад буй.
Харин Өмнөговь аймгийн музейг орон нутгийн хөрөнгөөр барихаар болсон бөгөөд сонгон шалгаруулалт нь зарлагджээ. Ийнхүү яамнаас музейн барилгуудыг бүр мөсөн шинэчлэх бодлого баримталж эхэлсэн тул энэ онд төсөвт нэг ч их засварын ажил тусгагдаагүй байна. Харин засвар, үйлчилгээ нэн шаардлагатай гурван музейд хэсэгчилсэн засвар хийх юм. Нийслэл дэх Чойжин ламын сүм музейн гол сүмийн дээврийг сэргээн засах ажил удахгүй эхлэх гэж байна. Материалын насжилтаас шалтгаалж дээвэр нь нурах магадлалтай бөгөөд борооны ус нэвтэрдэг болсон. Тиймээс их борооноос урьтаж яаралтай засахаар төлөвлөжээ. Үүнд 150 сая орчим төгрөг зарцуулж байгаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн Эрдэнэзуу хийдийн дөрвөн зуу гаруй жилийн настай далай ламын сүмийг сэргээн засах ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. Мөн Булган аймгийн төвд байрладаг Диваажингийн сүм гэдэг дурсгалт барилгыг 150 орчим сая төгрөгөөр засаж эхэлсэн бөгөөд энэ зун үлдсэн хөрөнгийг төсвөөс гаргахаар болсон байна. Музейн барилгаас гадна хэдэн зуу, мянган жилийн настай соёлын өв, үзмэрүүдийн сан хөмрөгт ч арчилгаа, тордлогоо нэн шаардлагатай байдаг. Модон хана мөөгөнцөрт идэгдэж, тэлдэг бол чулуун хана орчныг чийгтэй болгож, үзмэрийн хадгалалтад муугаар нөлөөлдөг. Мөн барилгын суурийг нь чулуугаар хийсэн бол барилгын шал хөдөлж, хана нь доош суусан байх жишээтэй. Энэ зун Баян-Өлгийн музейн дөрөв, Монголын үндэсний музейн болон Сэлэнгэ аймгийн музейн тус бүр гурван сан хөмрөгийг сэргээн засна. Эдгээрийг засахад 80 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, компанийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгааг албаны хүн мэдээллээ. Улсын төсвөөс жилд ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг биет бус өвийн засварт төсөвлөдөг.
Гэвч манай бүх музейн барилга, сан хөмрөг шаардлага хангахгүй болсон учраас энэ төсөв хаана нь ч хүрдэггүй. Гэхдээ их мөнгө байсан ч хүн хүч дутмаг учраас музей, үзмэрүүдийг олноор нь сэргээн засах боломж манайд байдаггүй аж. Улсын хэмжээнд музейн үзмэрүүдийг сэргээн засдаг мэргэжлийн 10 гаруй төрийн албан хаагч байдаг бол хувийн 5-6 компани л ажилладаг. Уг нь 2014 онд Соёлын өвийн тухай хуульд өөрчлөлт орж, биет бус өвийг сэргээн засах, хамгаалах үүрэгтэй байгууллага бий болгохоор тусгасан. Гэвч одоогоор биеллээ олоогүй байгаа. Одоогоор Хан-Уул дүүрэгт Соёлын өвийг хамгаалах байгууллагад зориулсан найман тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг ашиглалтад оруулахаар зэхэж байгаа. Өнгөрсөн онд уг барилгыг тохижуулахаар 300 орчим сая төгрөгийн тавилга, эд хогшил худалдан авчээ. Гэвч дулаан, цахилгаан, цэвэр, бохир усыг нь шийдээгүйгээс ашиглаж чадахгүй байгаа аж. 130 хүний орон тоотой уг байгууллага улсын хэмжээнд бүх музейн барилга, үзмэрийг хариуцах үүрэгтэй. Гэтэл манайд байгаа хүний нөөцөөр энэ орон тооны дөнгөж талыг хангаж дөнгөнө. Тиймээс соёлын үнэт өв, музейн хадгалалт, хамгааллыг сайжруулахын тулд нэн түрүүнд боловсон хүчиндээ анхаарах цаг ирснийг салбарынхан онцолж байна.