Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өчигдөр (2022.09.29) Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад “гавьяаны амралт”-аа авсан нийт 100 шахам ахмадтай юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн. Тэрбээр, Манай УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд бүртгэлтэй 100 шахам хүн бол монгол төрийн албанд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулсан, бидний хүндэтгэн бахархдаг хүмүүс хэмээгээд Байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцөн, парламентын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Улсын Их Хурал Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. Хууль батлагдсанаар ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээд ахиц дэвшил гарсан. Гэхдээ анхаарах асуудлууд ч цөөнгүй бий. “КОВИД”-ийн улмаас алдсан цаг хугацаа, хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал байна. Ахмад настны тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дэргэд “Ахмадын сан” байгуулагдсан. Энэ сан манай ахмадуудын амьдрал ахуйг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болж байгаа. Ахмадын хорооныхоо үйл ажиллагааг дэмжихэд Улсын Их Хурал, Тамгын газар цаашид онцгой анхаарах болно хэмээлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын шинэчлэлийн нэг томоохон зорилго бол “Цахим парламент” болох юм. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Үндсэн хуульд заасан “ард түмний засаглах эрх”-ийг эдлүүлэхэд шинэчлэлийн үндсэн зорилго чиглэж байгаа. Энэ зорилгоор “D-parliament” цахим системийг нэвтрүүлсэн. Хүссэн хүн бүр энэ системд нэвтэрч, хуулийн төсөлд санал өгөх, санал асуулга зохион байгуулах, санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой. Та бүхнийг энэ системийн идэвхтэй хэрэглэгч болж хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд арвин туршлага, санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд парламент хяналт тавьдаг болох энэ зорилгод иргэдийн, ялангуяа та бүхний оролцоо бас чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна хэмээгээд нийт ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан А.Шагдарсүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Мөнхөө, Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Адилбиш, Улсын Их Хурлын дэд дарга асан Л.Цог, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад ажилтан П.Бямбацэрэн нар үг хэлж санал бодлоо хуваалцсан бөгөөд төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.