Залуусын дунд тамхидалт их байгаа тул цус өтгөрөлтийн хэмжээ өндөр байна



Монголчууд “Нас залуу, цус шингэн” гэж ярьдаг. Энэ нь хүний цус шингэн байх тусмаа залуу, эрүүл байдаг гэдгийг хэлж буй хэрэг. Цус өтгөрснөөр эд, эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж, үйл ажиллагаагаа алдаж эхэлдэг байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгоо хийж сүүлийн хоёр жил тохиолдоод байгаа олон эртхэн системийг гэмтээдэг коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст ямар өөрчлөлт үзүүлснийг хянахаар мэдээлэл цуглуулж буй аж.

Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт 272.434 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс зүрх судасны тогтолцооны эмгэг нь 7885 иргэнд илэрсэн байна. Сүүлийн үед цахим сүлжээ болон иргэдийн дунд цус өтгөрөлттэй холбоотой мэдээллүүд нэлээн цацагдсан. Коронавирусний халдвараар өвдсөн болон коронавирусний вакцин хийлгэсэн хүн цус өтгөрөлттэй болж, цус харвах тохиолдол залуучуудын дунд нэмэгдэж байна гэсэн мэдээлэл иргэдийг айдаст автуулж буй. Иймд энэ талаар тодруулахаар Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдээс тодруулж, сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

Б.БАТТҮВШИН: УС ИХ УУХААР ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН АСУУДАЛГҮЙ БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ

Монгол төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан 1992 оноос өнөөдрийг хүртэл зүрх судасны өвчлөл, нас баралтаар тэргүүлж байгаа юм. Судалгаагаар 15-69 насны иргэдийн гуравны нэг нь, 45-69 насны хоёр иргэн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж гарсан байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өвдөх эрсдэл өндөр аж. Дэлхий дахинд коронавирусний өмнөх цус харвалтыг коронавирусний дараах тоон үзүүлэлттэй харьцуулахад насны хувьд харьцангуй залуужсан байгааг тогтоосон. 

Ерөнхийдөө судас бөглөрөөд, цусан хангамж алдаагүй л бол бид цус өтгөрсөн байна гэж гаднаас мэдэх боломжгүй. Цус өтгөрсөн үгүйгээ лаборатори шинжилгээгээр үзүүлж мэднэ. Иймд бид П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгийн Эмнэлзүйн лавлагаа лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Баттүвшингээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Цусны шинжилгээг 08.00-10.00 цагийн хооронд авдаг. Шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед шинжилгээг авах боломжтой. Манай эмнэлгийн хувьд өдөрт 250-300 орчим хүнд, 267 гаруй нэр төрлийн шинжилгээ хийж, лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэний дараа, шинжилгээ өгөхийн өмнө үйлчлүүлэгч маань шинжилгээндээ хэрхэн зөв бэлдсэнээс шалтгаалан шинжилгээний хариуны үнэн бодит байдал шалтгаалдаг. Жишээлбэл, урьд өдөр нь шарсан хуурсан өөх тостой хоол идэхгүй, болж өгвөл 19 цагаас хойш юм идэлгүй, маш сайн амарч унтаж, эм тариа, архи, тамхи, өнгөтэй ундаа хэрэглэлгүй, шинжилгээнд ирэх замдаа стресстэж бухимдалгүй, өлөн ирэх ёстой. Зарим дааврын шинжилгээ нь уурлаж, бухимдаж, баярлахад л цусанд савлаж их бага гарах нөхцөл бүрддэг. Цусны бүлэгнэлтийн шинжилгээний тухайд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өдөрт ууж буй шингэний хэмжээ, суурь эмгэг, амьдралын хэв маяг, хорт зуршил, хэрэглэж байгаа эм, эмийн бэлдмэл, цусанд байгаа цус бүлэгнэлтийн хүчин зүйл, факторуудын хэмжээ, харьцаа, сэтгэл санаа, бие махбодын байдлаас хамаарч хэсэгхэн хугацаанд шинжилгээний хариу өөрчлөгдөж болдог. Тухайн шинжилгээ нь тэр өдрийн цаг минут, эгшиний үзүүлэлт учраас шаардлагатай тохиолдолд бид шинжилгээг давтаж хийдэг. Коронавирусний халдварын тухайд хурц үрэвслийн эрчим нэмэгдэж, дархлааны хариу урвал өрнөн үрэвслийн цитокин, хавсаргын уургууд, медиаторуудын ялгарал эрс нэмэгдэж цитокины шуурга явагдсанаар эдийн гэмтэл ихээр үүссэнээр цус бүлэгнэлтийн алдагдал үүсдэг. Мөн эрсдэлтэй хүчин зүйлд чихрийн шижин, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн хүмүүст  халдварт өртөх эрсдэл төдий хэмжээгээр ихсэж, цус бүлэгнэлтийн алдагдал их байна. Мөн эдгээр хүмүүст вакцины дараах хүндрэлээс сэргийлэх хяналт зохицуулалтыг маш сайн хийх ёстой. Хувь хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, дадал зуршил, эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор цус өтгөрөлт үүсэж байдаг. Ус их уухаар цус бүлэгнэлтийн асуудалгүй болно гэж байхгүй. Өдрийн зохистой хэрэглээгээр ус шингэн юм сайн ууж байх ёстой ч хэт их шингэн уух нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж эсрэгээрээ эд эрхтэн хавагнах хүндрэл үүсэх эрсдэлийг дагуулдаг. Цахим  орчинд гарч буй мэдээ бүрийг шууд хүлээж авч, ард нийтээр айдаст автах нь учир дутагдалтай гэж харж байна. Коронавирусний халдвар авахаас аль болох сэргийлж, суурь эмгэгүүд даамжирч, хугацаа алдаагүй байгаа үед нь эмчлүүлэх нь эрүүл амьдрах үндсэн суурь болно. Түүнчлэн стрессгүй байх нь дархлаа дэмжих бас нэг чухал хүчин зүйл юм шүү” хэмээн зөвлөлөө.

2021 оны байдлаар УГТЭ-ийн харвалтын тасагт 789 тохиолдол хэвтэн эмчлүүлснээс 270 тохиолдол нь тархины цус бөглөрөх харвалтаар хэвтэн эмчлүүлжээ. 2022 оны эхний долоон сарын байдлаар 568 харвалттай хүн эмчлүүлснээс 237 нь тархины цус бөглөрөх харвалтаар хэвтэн эмчлүүлсэн байна.

 

КОРОНАВИРУСЭЭР НАС БАРАГСДЫГ ЗАДЛАН ШИНЖИЛЖ, ЦУС БҮЛЭГНЭЛТ ҮҮССЭН ГЭДГИЙГ ТОГТООСОН

 

Энэ оны байдлаар Монгол Улсад амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, гэмтэл болон хорт хавдрын өвчлөл тэргүүлж байна.

Хүн амын нас баралтын статистикыг авч үзвэл, энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 10254 тохиолдол бүртгэгдэж, 64 тохиолдлоор өссөн дүн гарчээ. Энэ нь нас баралтын таван жилийн дундажтай ойролцоо байгаа аж. Харин зүрх судасны шалтгаант нас баралт 10254 тохиолдлоос 326 буюу 31.8 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн таван жилийн дунджаас 12 тохиолдлоор нэмэгджээ.

Иргэдийн дунд цахим сүлжээгээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон шуум явж буй учир Эрүүл яамнаас харвалт цус өтгөрөлтийн талаар мэдээллийг өчигдөр хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга, цусны эмч Ж.Нарангэрэл “Цус гэдэг нь судсан дотор бүх эд эрхтэнээр дамжин эргэлддэг өвөрмөц бүтэцтэй эрхтэн юм. Цус нь дотроо дүрст элемент болон шингэн хэсэгтэй. Энэ нь зохистой харьцаатай байж, энергийн хэрэгцээ болсон бодисуудыг түгээж байдаг. Гэтэл энэ харьцаа алдагдсаныг цусны өтгөрөл гэдэг. Эсийн хэлбэрийн цус өтгөрөл улаан эс ихсэх, тамхи татах, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдлын үед үүсдэг. Мөн сийвэнгийн бүтцийн өөрчлөлт буюу шингэн хэсэгт уураг гарч ирэхээр өтгөрөл болдог. Бүлэгнэлтийн өөрчлөлт нь чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг өвчнүүд, зүрх судасны эмгэгүүд коронавирусний үед тохиолдож байгаа нь батлагдсан. Цус өтгөрөлт гэж тусдаа өвчлөл байхгүй. Өөр бусад өвчин эмгэгийн үед ч цус өтгөрдөг. Дараагийн үр нөлөөг илрүүлэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэдээ хамруулж байна.

Бид хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавирусний халдварын эмчилгээний удирдамжийг шинэчилсэн. Үүнээс өмнө 10 удаа шинэчлэгдсэн. Тодруулбал, анх цар тахал дэлхий дахинд гарахад мэргэжлийн эмч, судлаачид вирусээс үүдэлтэй хатгааг хэрхэн эмчлэх вэ гэдэг эхний удирдамжийг гаргасан байдаг. Дараа дараагийн удирдамжид судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн талаар судалгааг хийж, тогтоогоод, цус шингэлэх эмчилгээний зааврыг тусгаад явж ирсэн. Шинэ дэгдсэн халдварын эмнэл зүйн удирдамж зааврыг гаргахад их төвөгтэй байдаг. Анх коронавирусээр нас барсан иргэдийг задлан шинжилж, цус бүлэгнэлт үүссэн гэдгийг тогтоосон. Цар тахлын дараах үед уушги, зүрх судас, цус бүлэгнэлт, мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийн үед эмгэгийн үр нөлөө гарч болох нь гэдгийг заавар болгож гаргасан” гэв.

Нийт цус харвалтын 20-26 хувь нь залуусын харвалт байна. Өмнөх тоон үзүүлэлтээс харахад залуусын харвалт нэмэгдээгүй ажээ. Цус бүлэгнэлтийг зүгээр явж байгаа иргэн мэдрэх боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр л илэрнэ. Тиймээс иргэд коронавирустэй холбоотой цус өтгөрөлтийн айдас байгаа бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцдаа хамрагдах боломж бий гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

ЗАЛУУСЫН ДУНД ТАМХИДАЛТ ИХ БАЙГАА ТУЛ ЦУС ӨТГӨРӨЛТИЙН ХЭМЖЭЭ ӨНДӨР БАЙНА

Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Ц.Одгэрэл зөвлөгөө өглөө. Тэрбээр “Коронавирусээр хүнд өвдөх нь бүлэгнэлт идэвхжилтэй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр коронавирусний үеийн болон дараах эрсдэлт хүчин зүйл адилхан. Гар хөл бадайрах, эрвэгнэх, цээжээр өвдөх, давчдах, хэвлийгээр базлах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа цус бүлэгнэх нь тухайн хүнээс шалтгаалан харилцан адилгүй байна. Зарим хүн төрөлхийн эсвэл олдмол бүлэгнэлтийн алдагдалтай байх тохиолдол байна. Жишээлбэл, эмэгтэйчүүд гэхэд жирэмснээс хамгаалах эм ууж байсан, эрэгтэйчүүд бөөрний өвчтэй гэдгээс хамааран янз бүр байх юм. Шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэлт хийсэн байхад асуудалгүй. Залуусын дунд тамхидалт их байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгээр эсийн өтгөрлийн хэмжээ өндөр гараад байгаа юм” гэлээ.

Мөн энэ үеэр Цус шингэлэх эм гэж бий юу, аспирин уух нь зөв үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Аспирин нь эсүүд идэвхжээд хоорондоо наалдан бүлэгнэлт идэвхжихээс сэргийлдэг. Тиймээс зүрх судасны эрсдэлтэй, коронавирусний халдвараар хүнд өвдсөн тохиолдолд байнга хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа артерын судсанд бүлэн үүсэхээс илэрхий хамгаалж чаддаг” гэв.

Мөн цус харвалт, цусны өтгөрөлтийн талаар мэдээлэл өгөхөөр УГТЭ-ээс эмч нар ирсэн байв. Харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болоод цус хомсдож харвах тохиолдол бий. Үүнд нөлөөлдөг зүйл нь архаг суурь өвчин байдаг. Суурь өвчний шалтгаанаас болоод цусны бүлэгнэлтийн өөрчлөлт их явагддаг. Тухайлбал, зүрхний хэм алдагдалтай хүн цусандаа бүлэнтэй, тэр бүлэнгээсээ тасраад тархины судас бөглөх тохиолдол бий. Цусны даралт өндөртэй хүн байлаа гэхэд, даралт өндөртэй явснаас болоод цусны бүлэгнэлтийн өөрчлөлтөд ордог. Ингэснээр цус маш өтгөн, наалдамтгай чанартай болсон байдаг. Чихрийн шижингийн үед ч ийм байх нь элбэг. Энэ мэт суурь өвчний улмаас харвадаг учраас цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй яах аргагүй холбоотой. Судас бөглөрөх харвалтын үед цус шингэлэх эмчилгээ хийдэг” гэсэн юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ