Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа.
Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар тус аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаанаас гадна Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийг Эрүүл мэндийн яамны 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, ашиглалтад оруулаад байна.
Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд зөөврийн бус ханын суурин системээр дамжуулах боломж бүрдэж байна.
Gan Gas брэндийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай юм. Ингэснээр хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.
Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Ковид-19 халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүчилтөрөгчийн хангамж байсан. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж Улаанбаатар хотоос сардаа 5-6 удаа хүчилтөрөгч зөөдөг. Үүнд жилд 100 гаруй төгрөгийн зардал гардаг байсан. Энэ асуудлыг өнөөдөр Дорнод аймагт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бүрэн шийдэж байна. Дорнод БОЭТ-өөс тус аймгийн 14 сум хүчилтөрөгчийн баллонуудаа цэнэглэх боломжтой боллоо. Мөн хүчилтөрөгчийн нэгдсэн хангамжтай болсноор зөвхөн Ковид-19-ын халдвар гэхгүй эрчим эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээний чанар сайжрах том алхам дэвшил болж байна." гэв.
БОЭТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хүрэл-Эрдэнэ "Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бүрэн автомат юм. Энэ үйлдвэр ганцхан хүчилтөрөгч биш хүчилтөрөгч, агаар, вакум гэсэн гурван системтэй хий хангах зориулалттай. Үүнийг шууд эмнэлгийн ханын суурин системээр авч хэрэглэх боломжтой болж байна. Одоогийн байдлаар 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр өгч байна. Цаашид мэс заслын тасаг, төрөх болон эрчимт эмчилгээний тасгуудад ханын системээр бүрэн холбогдоно. Ингэснээр хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм. Үйлдвэрт ажиллах хүний нөөцөөр дөрвөн хүн сургаж бэлтгэсэн байгаа. Одоогийн байдлаар гурван техникч, нэг инженер ажиллаж байна. " гэв.