Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.
Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Э.Баясгалан "УНТЭ-т өчигдөр 10 гаруй хүн ирсэн. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 20 гаруй хүн үзлэг, шинжилгээнд хамрагдахаар ирээд байгаа ч Эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэх шалтгаанаар долоон иргэн буцсан. УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Манайх Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа." гэв.
Иргэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай юм байна.