Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаменттай хамтран хэрэгжүүлж буй хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилго бүхий “Хүүхэд хамгаалал түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Мөрдөн шалгах тасагтай хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Б.Гэрэлтуяа “Хүн худалдаалах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаараах асуудал”, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Төмөрбат “Хүн худалдаалах гэмт хэргийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал”, Мөрдөн шалгах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаатар “Хүн худалдаалах гэмт хэргийг шалгахад учирч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр тус тус мэдээлэл хийж, санал солилцон, цаашид олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд гадаадын улс орнуудтай хамтран гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар болсон байна.
Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар Эрүүгийн хуульд заасан Хүн худалдаалах болон Бэлгийн мөлжлөгийн нийт 36 хэрэгт хяналт тавьж, 11 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд дээрх төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өссөн дүнтэй байгаа аж.