БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Монгол Улсын албан ёсны айлчлал хийхдээ манай улсад нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн билээ. Монголын Засгийн газар, БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнл “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ. Засгийн газраас уг төсөлтэй холбоотойгоор БНЭУ-ын банктай тохиролцохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан байна.
Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт боловсруулах үйлдвэрийг барихаар болсон. Төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр барихиад 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолойг байгуулахад 264 сая ам.доллар шаардлагатай байгаа аж. Мөн үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашиг олох бөгөөд хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ.
Газрын тосны үйлдвэр барьснаар жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ.
Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Монголын эдийн засагт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдана гэж тооцож байгаа аж. Тэрчлэн газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд гадагшлах валютын урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.
Сэтгэгдэлүүд