Зах зээлд гарах нь хоёр сараар саатаад байсан “Apple” компанийн үйлдвэрлэсэн “Airpod” төхөөрөмжийг тус компанийн цахим хуудсаар дамжуулан худалдаж авах боломжтой болжээ.
Мөн “Airpod”-ыг ирэх долоо хоногоос “Apple”-ийн нэрийн барааны дэлгүүрүүд болон “Apple”-аас эрх авсан жижиглэнгийн худалдаа эрхлэгчдээр дамжуулан борлуулах аж.
159 ам. долларын үнэтэй энэхүү “Airpod” төхөөрөмжийг хамгийн сүүлийн үеийн загварын “iPhone” гар утсыг 9 дүгээр сард зах зээлд нийлүүлж эхлэх үеэр танилцуулсан билээ.
Зах зээлд гаргах хугацааг нь хойшлуулж, амралт, баяр ёслолын худалдан авалтын улирал эхлэхийн өмнөхөн уг төхөөрөмжийг нийтэд танилцуулж байгаа нь компанийн маркетингийн алдаа гэж олон хүн үзэж байна.
“Airpod” нь W-1 загварын эрчим хүч бага хэрэглэдэг шинэ микро чиптэй ба зай хураагуурыг удаан хугацаагаар ашиглах, дуу хөгжмийг дээд зэргийн чанартайгаар сонсох боломжтой.
Нэг удаагийн цэнэглэлтээр таван цагийн турш тасралтгүй ашиглах боломжтой төдийгүй гаднах гэр нь төхөөрөмжийг мөн адил цэнэглэх учраас зай хураагуур нь 24 цагийн турш цэнэгээ барих боломжтой аж.