Авлига-Төрийн өмчийн хулгай



Өнөөдөр Монгол Улсад авлига газар авсаар байгаагийн шалтгаан нь юу вэ? Хүмүүс авлигын нийгмийн хор холбогдлыг ойлгохгүйд байна уу, эсвэл үүнийг нэгэн төрлийн хулгай гэдгийг мэдэхгүйд байна уу?

1990-ээд оны сүүлээр “corruption” гэдэг англи нэр томъёог “Авлига” хэмээн монголчлон оруулж ирснээр Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээнд нэгэн шинэ ойлголт нэмэгдсэн. Хүн юу сайн, юу муу болохыг ёс суртахууны хэм хэмжээгээрээ үнэлж цэгнэдэг. Тухайлбал, хулгай хийх, хууран мэхлэх, худлаа хэлэх нь муу үйл, үнэнч шударга, энэрэнгүй тусч байх нь сайн үйл хэмээн ямар ч Монгол хүн хэлж чадна. Хүн сайн үйл хийхийг хичээдэг бол муу үйл хийхээс зайлсхийж, жигшдэг. Тэгвэл авлига гэж чухам юу вэ? Ёс суртахууны хэм хэмжээгээр сайн үйл үү, муу үйл үү?

Авлигыг Цэвэлийн тайлбар тольд[1] “ёсон бусаар шунаж авсан эд юм”, Тransparency International олон улсын байгууллага  “ ...эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглах,...төрийн өмчийн хулгай,... хээл хахууль...” хэмээн тодорхойлжээ.[2] Түүнчлэн,  2006 онд баталсан Монгол Улсын Авлигын Эсрэг Хууль[3], Эрүүгийн хуульд авлигыг гэмт хэрэгт тооцож, буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.[4]

Дээр дурьдсан тодорхойлолт, хуулийн зохицуулалтаас үзвэл, АВЛИГА нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг ХУЛГАЙЛАХ, БУСДЫГ ЗАВШИХ ЁС БУС ҮЙЛ, ГЭМТ ХЭРЭГ ажээ. Тухайлбал, авлигын нэг төрөл болох төрийн өмчийн хулгай нь халаасны хулгайн нэгэн адил хулгай хийх үйлдэл, авлигач нь нэгэн төрлийн хулгайч болж байна. Бидний багаасаа олж авсан ёс суртахууны хэм хэмжээнд хулгай хийх, хууран мэхлэх нь жигшүүрт муу үйл билээ. Ийм ч учраас хүмүүс хулгайч, хуурч мэхлэн залилагчдыг жигшдэг. Харин авлига, авлигачийг бид тэр хэмжээнд жигшдэг бил үү?

“Чи ийм боломжтой байгаа дээрээ л авлига авах хэрэгтэй” гэх зөвлөгөө, “тэр идээд байхад манай энэ унхиагүй” гэх бухимдал бидний эргэн тойронд сонсогдох нь цөөнгүй. Хэрэв эдгээрийг “чи ийм боломжтой байгаа дээрээ л хуурч мэхлэн бусдыг завшиж, хулгай хийх хэрэгтэй”, “тэр төрийн өмч хулгайлаад байхад манай энэ унхиагүй” хэмээн “авлига” гэх үгийг “хулгайлах”, “хууран мэхлэх” гэсэн ижил утгатай үгээр өөрчилбөл их л эвгүй сонсогдож байгаа биз. Учир нь бид ойр дотныхоноо хулгай хийх, хуурч мэхлэх муу үйлийг жигшихийг зөвлөдөгөөс бус эдгээр муу үйлийг хийхэд түлхдэггүй.

Төрийн өмчийн хулгай гэхээр гайхаж, төрийн өмч гэдэг чинь хэн нэг хүний өмч биш болохоор хулгай гэж болохгүй шүү дээ гэх хүн ч байна. Тиймээ, төрийн өмч хэн нэгний өмч биш, харин иргэн бүрийн, татвар төлөгч бүрийн өмч юм.

“Ямар нэгэн дарга замын зузаанаас, эсвэл өргөнөөс нь идсэн” тухай явган яриа сонсоогүй хүн ховор бизээ. Зам нь түүнийг ашигладаг олон түмэн иргэдийн өмч бөгөөд авлигач тэдний өмчөөс хулгай хийсэн  болж таарч байна. Ийм хулгайн улмаас чанаргүй зам баригдаж бидний машин тэрэг амархан элэгдэж, эвдэрч, тэр ч байтугай аваар осолд орох нь элбэг тохиолддог. Энэхүү авлигач зөвхөн нэг удаа том хулгай хийгээд өнгөрөх төдийгүй биднээс өдөр тутам нэмэлт зардал гаргаж байна. Эндээс үзвэл, авлигач хулгай хийхээс гадна маш олон хүнд эд материалын болоод сэтгэл санааны хохирол учруулдаг байна. Ингээд бодохоор төрийн өмчийн хулгайч бол иргэн бүрээс нэгэн зэрэг хулгайлдаг “их гарын хулгайч” юм.

Өнөөдөр ажил дээр гараад авлига авах уу? гэсэн асуултад “авна” гэж хариулж буй оюутан цөөнгүй байна. Гэтэл тэднээс хулгай хийх үү гэж асуухад ийм асуулт асуусанд ихэд гайхаж, ямар ч эргэлзээгүй үгүй гэж хариулж байна. Эндээс үзвэл, авна гэж хариулж буй цаад шалтгаан нь авлигыг төрийн өмчийн хулгай, хууран мэхлэх, залилах зэрэг жигшүүрт үйл, гэмт хэрэг гэж ойлгоогүйтэй холбоотой байна.

Авлига хэмээх энэхүү жигшүүрт муу үйлийг үйлдэн, гэмт хэрэгт орохоос ойр дотныхон, үр хүүхдээ сэргийлэх нь бидний эн тэргүүнд хийх ёстой ажил болж байна. Хэрэв таныг хэн нэгэн “хулгайч, мэхлэгч” гэж дуудвал та үүнийг доромжлол хэмээн үзэж тайлбар шаардах бизээ. Тэгвэл таныг “авлигач” гэж дуудвал та мөн адил жигшин зэвүүцэх үү? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол авлигатай тэмцэх тэмцэлд өөрийн хувь нэмрээ аль хэдийнээ оруулаад эхэлжээ. Харин эргэн тойрныхондоо энэ талаар ухуулан ойлгуулж, авлигын гэмт хэргээс сэргийлэх нь өөрийн болоод үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхний амьдрах нийгмийг сайн сайхан болгоход оруулж буй бүр ч үнэтэй хувь нэмэр юм.

МУИС-ийн багш нар: Б.Алтанцэцэг

Б.Ариун-Эрдэнэ

Б.Бат

Д.Баярмаа

Г.Болормаа

С.Дөлбадрах

Т.Оюунбаатар

Б.Соёлмаа

Б.Эрдэнэбат

 
Эх сурвалж : mongolianeconomy.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ