Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” болон “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.
Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлээс шалтгаалан өрсөлдөх чадвар төдийлөн сайн биш байгаа бөгөөд далайд гарцгүй, дэд бүтэц тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаа нь нөлөөлж байгааг салбарын сайд танилцуулав. Монгол Улсын төмрийн хүдрийн нөөцийн тархац, олборлолт, экспортын нөхцөл байдлыг харгалзахын сацуу хэтийн төлөвийг судалсны үндсэн дээр Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилчийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төсөр замын суурь бүтцийг барьж, Хятадын хил рүү баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318 км-ээр дөт болох аж.
Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх боловч мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа байх бөгөөд 2018 оноос 2025 онуудад жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10.4-21.2 сая тонн, 2026 оноос 2046 онуудад тээвэрлэх ачааны хэмжээг 21.2 сая тонн гзж авч үзэхэд тус чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх ачааны доод хэмжээ дундажаар 15.0 сая тоннд хүрч байгаа тул Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэл хэмээн үзсэн байна.
Мөн тэрээр Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх зайлшгүй шаардлагатайг онцлон Улсын Их Хурлын даргад танилцуулаад, Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа