Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн хоё дахь өдрөө МҮХАҮТ-д үргэлжилж байна.
Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж буй.
Иргэд цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байна.
Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.