Монгол Улсын хүн ам 2016 оны эцэст гурван сая 120.9 мянга болж, өмнөх оноос 63.2 мянган хүн буюу 2.1 хувиар өсөөд байна. Иргэдийн амьдралтай салшгүй холбоотой Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг харвал 2016 онд орлого 1.8 тэрбум төгрөг давж, өмнөх оноос 375.4 тэрбум төгрөгөөр буюу 25 хувиар нэмэгджээ. Харин тус сангийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс бага буюу 14.5 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангаас 2016 онд 1.7 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээлснээр 2016 оны үзүүлэлтээр Нийгмийн даатгалын сангаас 277 мянган хүнд 154.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оноос 990.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болоод байгаа юм. Харин “Хүний хөгжил” сангаас өнгөрсөн онд 18 нас хүртэлх нэг сая хүүхдэд 197.9 тэрбум төгрөгийг “Хүүхдийн мөнгө”-нд олгожээ.
Үүнээс гадна 2017 онд тэтгэвэр нэмэх талаарх асуудал байхгүй ч өндөр настны тэтгэмжийг жилд хоёр удаа буюу Сар шинийн болон Улсын баяр наадмаар олгож эхлэх гэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “70-аас дээш настай ахмадуудад олгох "насны хишиг" тэтгэмж”-ийг олгохоор улсын төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаад байгаа юм. Энэхүү тэтгэмжид 78.8 мянган ахмад хамрагдана гэсэн тооцоо байгаа ажээ.
Түүчнлэн энэ оноос ахмадуудыг чиглэсэн шинэ зохицуулалт хэрэгжиж эхлээд байгаа нь мөн тэтгэврийн хүүг бууруулах явдал болж байна. Одоогоор 18 хувьтай байгаа хүүг 15 болгоод байгаа юм. Эхний ээлжид нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг ХААН болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулахаар болжээ. 1-6 сарын хугацаатай буюу богино хугацааны зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь болох бөгөөд харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой юм байна. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.