"Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 5 зорилт, 60 үйл ажиллагаа, 25 шалгуур үзүүлэлт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө” гаргаж ажиллаж байгаа юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:
2017 онд 70 халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын дэнжийн 25 зуух, Баянзүрх дүүргийн Их засаг их сургууль, Маахуур толгой, Цайз зах орчмын 45 зуухыг буулгана.
Үнс баригч шүүлтүүр үйлдвэрлэгч үндэсний компанийг дэмжиж нам даралтын зуухнуудыг шүүлтүүрээр хангана.
Зорилтот бүлгийн айл өрхүүдийг 5216:2016 стандартын шаардлага хангасан зуух болон боловсруулсан түлшээр хангана.
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр:
Гэр хорооллын айл өрхийн үнс, хатуу хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх дэд бүтцийн байгууламж, машин механизмыг хүртээмжтэй болгох, хаягдлыг дахин боловсруулж ашиглах үйл ажиллагааг дэмжинэ.
Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламж байгуулж аюултай хог хаягдлын хяналтгүй тархалтыг хумина.
“Ногоон зээлийн сан” байгуулах асуудлыг судлан, иргэд, хувийн хэвшил цахилгаан халаагуур, агаар, орчны бохирдлыг бууруулах, дулааны алдагдал бууруулах зэрэг байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг үзүүлэх хүү багатай зээлийн бүтээгдэхүүн бий болгох юм.
Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэн, гэр хорооллын айл өрхийг 2.5-4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтой байхаар техникийн боломжийг бий болгоно.
Азийн хөгжлийн банк, БОАЖЯ-тай хамтран Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороодын 4500 айл өрхийн 1500 бие засах газрыг шинэчлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох” төслийг 2017 оны 3-р сараас хэрэгжүүлж эхэллээ.