Казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийг Японы парламентын доод танхим баталлаа. Хэдийгээр сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцэж байсан боловч эрх баригч Либерал-Ардчилсан намын депутатууд болон тэдний холбоотнууд хуулийн төслийг батлахыг дэмжсэн аж.
Нууцаар казино ажиллуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэх тухай хуулийн заалт Японд саяхныг хүртэл байсан юм. Харин хурдан морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдааны үеэр бооцоо тавихыг зөвшөөрдөг байсан бөгөөд олсон орлогын тодорхой хувийг буяны үйлсэд хандивлах журам хэрэгжсээр иржээ.
Шинжээчдийн тооцоолсноор, Японд казино ажиллуулахыг зөвшөөрснөөр жилдээ 10 тэрбум доллар энэ салбарт эргэлдэх аж. Парламентын доод танхимын дэмжсэн хуулийн төсөлд Америкийн Лас-Вегасын адилаар казиногийн цогцолбор байгуулах талаар тусгасан байна.